ОХУ-ЫН ЗХЖШ-ЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич, Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев Михаил Яковлевич, ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Москалик Ярослав Ярославович, ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Липилин Алексей Анатольевич, ОХУ-ын ЗХЖШ-ын зөвлөх, хошууч генерал Троян Александр Георгиевич, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны 1 дүгээр орлогч, дарга Бойцов Андрей Артурович, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаны хүмүүс багтаж байна. Айлчлалын бүрэлдэхүүн 10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Монголын талаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нар угтаж авлаа. Үргэлжлүүлээд айлчлалын бүрэлдэхүүн ЗХЖШ-т ажиллах бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовтой хэлэлцээ хийнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХЯ-нд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм. Түүнчлэн ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд бараалхах, Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ.