Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй  замуудад түгжрэл үүсдэг оргил  цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн уртасгасан цагийн автобусыг  Улаанбаатар хотын хөндлөн болон босоо тэнхлэгийн дөрвөн чиглэлд явуулж  заншжээ. Тодруулбал,  Ч:69 Зунжин 7 буудал-Ард кино театр-ТЭЦ-3 чиглэлд,   Ч:7  Нисэх-МУБИС-Ард кино театр чиглэлд,  Т:2  Таван шар-Офицеруудын ордон-Ботаник чиглэлд, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв  чиглэлд автобус уртасгасан цагаар нийтэд үйлчилж байна. Эдгээр чиглэлд 05:00-00:30 цаг хүртэл зорчигч тээвэрлэдэг.  Үүнээс гадна сургуулийн 28 автобусаар сурагчдыг сургууль болон гэрт нь хүргэж байна.  

Түгжрэл ихтэй, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх нь бий. Ийм тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэх зорилгоор богино эргэлтийн автобусыг санаачилсан байна.

Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гарган зохицуулж байна.  Өнөө өглөөний хувьд  21 чиглэлд 30 автобусыг богино эргэлтэд гаргаж нийтэд үйлчилсэн бол оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг нэмэлтээр гаргах аж. Богино эргэлтийн автобус гаргаж буйтай холбоотойгоор авто тээврийн хяналтын байцаагч нар хяналт тавьж, ачааллын мэдээллийг солилцон тухай бүрд зохицуулалт хийж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС