Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 285 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 785 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 39 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 13 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 3293 хэрэгт хяналт тавьж, 231 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн дийлэнх хувийг Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 69, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 22, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16-г шүүхэд шилжүүлсэн байна.