Монгол, Орос хоёрын өгөө, аваа зөндөө бий.Өнөөг хүртэл үргэлжилж л байна.Тэдгээрийн түүх янз бүр, түүхчид олон талаас нь тайлдаг юм.
Ямартай ч энэ “өгөө, аваа”-нуудын дунд Монголын газар нутаг явах ёсгүй.“...Газар бол улсын үндэс” хэмээсэн Модун шаньюгийн түүхийг бид өмнөх дугаартаа сануулсан билээ.
Тэгвэл Оростой харилцааны бичиг баримт, бусад асуудлын хүрээнд Монголын газар нутаг хэсэг хэсгээрээ явсаар байж болзошгүй байна.Одоогоос хоёр жилийн өмнө, 2019 онд Монголын Засгийн газрын тэргүүний Орост хийсэн айлчлалыг угтаж манай улсын Засгийн газрын шийдвэрээр нэлээд асуудлыг шийдсэн байдаг. Ингэхдээ хоёр улсын Засгийн газрын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оросын талаас 2019 оны нэгдүгээр сарын 22-нд ноот бичгээр ирүүлжээ.
Тодруулбал, протоколд “Оросын тал ОХУ-ын өмч болох үл хөдлөх хөрөнгийн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж нэмэх санал гаргасан байна.
Энэ дагуу “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад “Хавсралт 1”-т нь ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших 28 эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудыг жагсаажээ.
Дахиад “Оросын тал ОХУ-ын өмч болох орон сууцны барилга, соёл ахуйн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх, ашиглах эрхээ хэрэгжүүлнэ. Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж өөрчлөн найруулаад “Хавсралт 4”-т эдэлбэр газар болон үл хөдлөх хөрөнгийн объектыг бичжээ.
Тухайн үед энэ нь олны анхаарал таталгүй нам гүмдүүхэн хийгдсэн. Тэр ноот бичгийн “хавсралт”-аар Улаанбаатар, Дархан хот дахь багагүй хэмжээнийгазар Орос руу “явчихсан” байдаг.
Тэгвэл ирэх сард болох манай Төрийн тэргүүнй айлчлалын өмнө дээрх асуудал дахиад л хөндөгджээ. Ажил хэрэг болоод явж байгаа аж.
Оросоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж Улс тунхагласны баяр дамнуулан хоёр өдөр хамтарч хуралдаад буцлаа. Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаанд Оросын талыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.Абрамченко ахалж ирэв. Түүнтэй хамт Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголд суугаа Элчин сайд Т.К.Азизов, Ерөнхий сайдын орлогчийн Тамгын газрын дарга А.П.Берестянский, Боловсролын сайдын нэгдүгээр орлогчА.В.Бугаев, Монгол дахь худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач, Ерөнхий сайдын орлогчийн Хэрэг эрхлэх газрын ахлах зөвлөх М.А.Галичева, Эрчим хүчний дэд сайд Е.П.Грабчак, Ерөнхий сайдын орлогчийн Тамгын газрын референт А.С.Зименок, Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Г.В.Зиновьев, “Росводресурсов”-ын даргаД.М.Кириллов, Холбооны гаалийн албаны Гаалийн хамтын ажиллагааны газрын дарга Е.А.Козырев, Байгалийн нөөцийн яамны Олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга И.А.Кущ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд П.А.Кучеренко, Аж үйлдвэр, худалдааны яамны Ази, Африк, Латин Америкийн газрын дарга С.С.Носов, Росреестрийн орлогч дарга М.С.Смирнов, Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга О.К.Тикк, ОУ-ын Тээврийн дэд сайд, Худалдаа, эдийн засгийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн Оросын хэсгийн дарга В.А.Токарев, Хөдөө аж ахуйн дэд сайд М.И.Увайдов, Сангийн яамны Улсын өр, улсын санхүүгийн хөрөнгийн газрын дэд захирал Г.А.Чиженьков, Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх газрын зөвлөх О.И.Чурсин, ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга, орчуулагч С.С.Безруков, Эдийн засгийн хөгжлийн яамны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга В.Ю.Юрченко, "Союз Восток" Хийн дамжуулах хоолойн захирал Е.Н.Асеев, “СО ЕЭС” ХК-ийн Хөгжлийн газрын дэд дарга Д.А.Афанасьев, "Росатом" төрийн корпорацийн олон улсын хамтын ажиллагааны захирал М.П.Беляева, "Интер РАО" ХК-ийн Улаанбаатар хотын “ДЦС-3”-ыг шинэчлэх төслийн дарга А.В.Бунаков, "Оросын төмөр зам" ХК-ийн Гадаад төсөл, олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.С.Козлов, "РОТЭК" ХК-ийн ТУЗ-ийн дарга, Орос-Монголын бизнесийн зөвлөлийн дарга М.В.Лифшиц, “Госзагрансобственость” Холбооны улсын нэгдсэн аж ахуйн нэгжийн ерөнхий захирал Е.А.Логвинов нар хуралдаанд оролцсон байна.Хуралдаанаар хоёр улсын харилцаанд “хуримтлагдсан зарим асуудал”-ыг шийдвэрлэх чиглэлээр түлхүү хэлэлцжээ.Монгол дахь Оросын цөөнгүй “эдэлбэр газар”-ын талаар ч яригдсан байна. Төмөр замын дагуу гэх зэргээр дээр дурдсан протокол, хэлэлцээрийг шинэчлэх замаар шийдвэрлэж болох газруудын сураг дуулдаж буй.
Гэтэл тэр дунд Төрийн ордон, Чойжин ламын сүмийн дунд орших, хуучнаар “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төв, түүний орчмын газар Оросын мэдэлд шилжихээр яригдаж байна.
Гэхдээ уг асуудлыг Оросын тал санаачлан, өөрсдийн мэдэлд авахаар идэвхийлэн ажиллаж байгаа гэвэл үнэнээс холдохоор юм байна.
Учир юу гэвэл Монголын нэр бүхий улстөрч-бизнесмэнүүд Оросын зарим нөхдүүдтэй ярилцаж тохиролцож, дээрх газрыг бизнесийн зорилгоор авахаар хөөцөлдөж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Ингэхдээ “Ерөнхийлөгч В.Путин уг газрыг авахад ихээхэн анхаарал тавьж байна” гэх ойлголтыг манайханд өгч, Төрийн тэргүүнийг хүртэл “Энэ асуудлыг заавал шийдээд айлчлаарай” гэсэн гэх“мессэж” явуулсанбайгаа юм.
Гэтэл та бод доо, Орос бол дэлхийн хамгийн том газар нутагтай улс. Тэгээд ерөнхийлөгч нь В.Путин шүү дээ. В.Путин хөрш орныхоо хотын төв дэх, Төрийн ордных нь чанх өмнөх, түүхийн онцгой ач холбогдолтой, ард түмнийх нь итгэл үнэмшил оршиж байдаг ганц га хүрэхгүй газрыг авна гэж дайрах уу. Тэгэхээр энэ бол түүний нэрийг бариад байгаа л хэрэг. Энэ тодорхой болж байгаа юм.
Тэгээд ч уг газар дээр харийнхан байтугай монголчууд өөрсдөө ч өндөр барилга барьж Төрийн ордон, Чойжин ламын сүм хоёрыг халхлах ёсгүй гэсэн түүхийн “зарлиг”-тай. Тэгэхээр одоо байгаа “Санкт Петербург” төвийн барилгыг ч нурааж, оронд нь нийтийн хэрэгцээний цэцэрлэгт хүрээлэн, ямар нэг талбай байгуулбал зохих юм. Ингэж хэлэх үндэслэл, түүхэн үнэнийг монгол хүн бүр мэддэг. Нөгөө талаас, тэр газар бол Монгол Улсын шүүхийн шийдвэрээр Монгол Улсын өмч гэдэг нь тогтоогдчихсон. Өөрөөр хэлбэл, “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төвийн барилгын асуудлаар Оросын ЭСЯ-ны заргаар Монголын шүүхэд хэрэг асуудал үүсгэж, улмаар шүүхээс Оросын өмч гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ. Сүүлд, энэ 2021 онд “шинээр эхэлсэн нөхцөл байдал”-ын улмаас дахин шүүхдээд ялагдсан байна.
Ингэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаан дээр Оросын талын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын гишүүд лав энэ асуудлыг онцгойлоогүй болж таараад байгаа юм. Харин Оросын ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьсан Монголын газрыг “дээрэмдэх” ажиллагаа явж байна уу гэдэг хардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс холбогдох газрууд үүнд анхаарал тавих цаг болсон байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ