2019, 2020 онуудад допинг хэрэглэсэн бөхчүүдэд унасан нийтдээ 9 бөх байдаг. Тэгвэл тэдгээр 9 бөхөд буюу Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олгох ёслол яг одоо Төрийн ордонд болох гэж байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес давсан Н.Батсуурьт “Улсын Даян аварга” цол олгоно. Мөн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд найм давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, М.Бадарчид "Улсын гарьд" цол, долоо давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат "Дорнын хүчтэн" дэвжээний бөх Улсын начин Д.Анарт "Улсын заан" цол олгохоор болжээ. Үүнээс гадна тус барилдаанд долоо давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх, Улсын начин Ц.Одбаярт "Улсын заан" цол, зургаа давсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодномд "Улсын харцага" цол тус тус нөхөн олгохоор болсон байна.
Ташрамд мэдээлэхэд өнөөдөр МҮБХ-оос 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно гэсэн мэдэгдлийг гаргаад байгаа юм.