З.Мэндсайхан: Монголд анх удаа тариалсан “Хөсөг” цагаан будаа удахгүй иргэдийн гарт хүрнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон газрын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авлаа.

Хүнсний ногооны 99,1 хувийг хураасан буюу энэ нь 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна гэсэн үг. Мөн 244,3 мянган тонн улаан буудайг хураан авсан. Гурилын үйлдвэрүүдэд гурван хувийн зээл олгох ажил зохион байгуулалтын шатандаа явж байна.

Энэ жил онцлох нэг таатай зүйл нь хувийн хэвшлийн “Жимекс” компани 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. Дотоодод тарьж ургуулсан цагаан будаа “Хөсөг” нэртэйгээр та бүхний гар дээр очно” гэлээ.

Мөн Дархан-Уул аймагт арьс ширний боловсруулах үйлдвэр барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус аймгийг сонгосон шалтгаан нь байршлын хувьд хөрш улс руу гаргахад дөхөмтэй. Ингэхдээ 10 сая тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар нэгдүгээр сард багтаан ТЭЗҮ боловсруулж эхний ээлжид 4 сая тонн бог, 400 мянган тонн бод малын арьс шир боловсруулахаар төлөвлөж байна гэлээ. Харин манай улсын стратегийн бүтээгдэхүүний нэг болсон махны хувьд, өнгөрөгч зургадугаар сараас хойш экспортлоогүй байна. Учир нь цар тахлаас шалтгаалан бусад орон манай улсаас мах импортоор авахгүй гэдгээ мэдэгдсэн гэв.