Түүх соёлын дурсгалт өв болох анхны Холбооны барилгыг төрийн өмчид эргүүлэн авлаа

Монгол Улсын анхны холбооны барилга одоогоор Баянзүрх дүүргийн 6-р хороо, Бөхийн өргөөний хойд талд байрладаг билээ. Уг обьектийг 2000 оны 06-р сарын 07-ний НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор:

Түүх соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан уг барилгыг анхны гадаад төрх байдлыг өөрчлөхгүйгээр хамгаалж, Арвис сургуульд түр эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Харин Төрийн Өмчийг хариуцсан төрийн захиргааны байгууллагын зүгээс уг барилгыг хувьчлаагүй байхад Арвис сургууль нь өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж цааш нь дамжуулан зарж борлуулсан байсныг хууль ёсны дагуу нийслэлийн өмчид буцаан авахаар боллоо.

“Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар”-ын тогтоолоор нийслэлийн хамгаалалтанд байсан Монгол улсын түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн анхны холбооны байшингийн гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг авч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.