М.Тулгат: Би намын даргын албан тушаалд зууралдаад байгаадаа биш

АН-ынхан өнөөдөр сүүлийн үед нам дотор нь үүсээд буй асуудалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын "Онц их хурал" болсон. "Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ" гэдэг. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд маш нухацтай, өө сэв гаргахгүйгээр бүх зүйлийг дүрмийн дагуу шийдэх ёстой. Учир нь АН үндсэн дүрэмтэй. Тус дүрэмд "Онц их хурал" гэж байхгүй. Намын тал хүмүүс тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хоёр талаас хамтарсан ажлын хэсгийг гаргаж талуудын оролцоог жигд хангах ёстой. Ардчиллын зарчимд бүх хүн 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй. Гэвч үгээ хэлж, үзэл санаагаа илэрхийлсэн хүмүүсийн үгийг сонсохгүйгээр хүч түрж болохгүй. Би намын даргын албан тушаалд зууралдаад байгаадаа биш өнгөрсөн жилүүдэд АН руу дайрч, ардчилал руу нулимсан хүмүүсийг орой дээрээ залж алга ташиж хүлээж авсан учраас санаа зовж байна.

АН тийм хүмүүсийг оруулж ирж, ямар ч аргаар хамаагүй олонхын санал бүрдүүлэн УИХ-д суудал авъя гэдэг сэтгэлгээгээр хандаж ирсэн. Үүний улмаас өнөөдрийн АН хогийн сав шиг эрээвэр хураавар булингартай болсон. Энэ хугацаанд анхных нь үзэл баримтлал ойлгомжгүй болж ирлээ. Бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Удирдлагын бүтцийг томилсноор үндсэн асуудал шийдэгдэхгүй. Миний хувд АН эв эеэ олно гэсэн итгэлээ алдаагүй. Дарга цэргээ сонгосон намын нөхдүүдэд хандаж хэлэхэд АН улс төрийн хүчний хувьд мөрийн хөтөлбөр бодлогоороо нэгдэх ёстой. Тиймээс бодлого судалгааны төв байгуулах, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудалд хамтарч ажиллах боломжтой. Хэдийгээр бидэнд хууль шүүхийн асуудал байгаа ч гэсэн үзэл санаа бодлого дээр хамтарч ажиллах ёстой" гэлээ.

АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах зорилгоор АН-д дүрмийн өөрчлөлт хийхээс эхэлж бидний маргаан эхэлсэн. Даргаа сольсны дараа нөхдүүд өөрсдөө дарга болно гээд зүтгэсэн. Өнөөдөр улс оронд үүсээд буй маш ноцтой асуудлууд байна. Тухайлбал, Оюутолгойн асуудал, төсвийн асуудал ид яригдаж байна. Ийм чухал зүйлүүд дээр анхаарал тавих гэхээр нөгөө бүлэглэлүүдийн гар хөл болсон юм шиг О.Цогтгэрэлийн тал гарч ирээд намын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийж байна. Бид өнөөдөр сахилгын хороонд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Ганзориг, н.Амардэлгэрт ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэх албан бичиг хүргүүлсэн.

Дээд шүүхээс АН-ын даргыг өөрчлөх шийдвэр гараагүй байхад хувийн сонирхлоор нөгөө талд хууль зөрчин тайлбарласан бичиг өгсөн байна лээ. Үүнийг О.Цогтгэрэлийн тал олон нийтийн өмнө нотлох баримт мэтээр харуулж байна. АН хуучин таван намын нэгдэл байсан бол одоо зүүний, барууны гэсэн хоёр чиглэлд хуваагдчихлаа. Тэр утгаараа нэн яаралтай ойлголцох шаардлагатай байна. Хэрэв ойлголцохгүй бол тэр нөхдүүдээ тусдаа нам байгуулаад явбал дэмжинэ. Харин бид АН-ын суурин дээр нь байгаа гэдэг утгаараа М.Тулгатыг өөрчлөхгүйгээр цаашаа явах бодолтой байна.