АН өрсөлдөгчдөө шударга өрсөлдөхийг уриаллаа

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын дэд дарга Ц.Баатархүү “АН ард түмэндээ нээлттэй байсаар ирсэн. Цаашид ч ийм байх болно. 05 сарын 16-нд Үндэсний бодлогын хорооны хурлаар намаасаа мандатаа авсан 76 хүнийг нэр дэвшүүлээд байна. Энэ тухай мэдээллийг олон нийтэд танилцуулсан.

Улс төрийн зарим намууд, тэр дундаа эрх баригчид дүрмийн дагуу Бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулсан ч албан ёсоор олон нийтэд мэдээлсэнгүй. АН өөрийн хийж байгаа бүх мэдээллийг ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална. Энэ дагуу өнөөдрөөс АН сонгуулийн штабаа албан ёсоор байгуулсныг олон нийтэд мэдэгдэж байна.

АН-ын энэ удаагийн сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятав томилогдсон. АН УИХ-ын сонгуульд хуулийг дээдэлж, иргэдийнхээ хүсэл, зорилго захиасыг биелүүлж, улс төрийн намуудтай шударга нээлттэй байдлаар өрсөлдөхөө зарлаж байна” гэлээ.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав “2020 оны сонгууль хүч тэнцвэргүй нөхцөл байдалтай эхэлж байна. Өмнөх сонгуулиар сонгогчид 65 гишүүнийг хэт олонхиор сонгосон. Гэтэл итгэл алдарлаа. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг 80-90 хувь биелүүлсэн гэж эрх баригчид хэлж байгаа ч иргэд хэдийнэ итгэл алдраад байна. Тиймдээ ч АН-д иргэдээс олон захидал, хүсэлт ирүүлж байгаа.

Тиймээс манай нам айл өрхийн тэгш дүүрэн амьдрал, иргэн хүний эрх чөлөөтэй амьдралын төлөө эрдэмтэн судлаачдынхаа тоцоо судалгаан дээр үндэслэсэн ойрын хугацаанд хийж бүтээж болох зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

АН энэ удаагийн сонгуульд нэр лдэвшүүлж байгаа 76 хүний 25 нь эрхзүйч, хуульч мэргэжилтэй. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн гажуудлыг засч залруулах, хуулийн төсөл боловсруулах, түүнд хяналт тавих, чадамжтай, хувь нэмрээ оруулж чадахуйц хэмээн үзэж 25 хуульч, эрхзүйчийг нэр дэвшүүлсэн. Мөн эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарахад мэдлэг, мэдээлэлтэй, гарц шийдэл олж чадахуйц хэмээн үзэж 35 инженер, эдийн засгийн мэргэжилтнийг нэр дэвшүүлж байна. Гол нь УИХ-ын үйл ажиллагаа иргэдэд, эдийн засагт, улс эх оронд өгөөжтэй байх ёстой. Энэ үүднээс нэр дэвшигчдээ нэр дэвшүүлж байна.

Сонгууль эхлээгүй байна. Гэтэл АН руу дайрах, сөрөг пиарууд ихээр ирч байна. Харлуулах ажиллагаа хэдийнэ эхлээд байна.

Энэ удаагийн сонгуулиар АН шударга ёс, хүний эрх чөлөөг дээдэлж, ард түмнийхээ зөв зүйтэй бодлого, хөгжлийн төлөөх сэтгэл дор сонгуульд орж, өрсөлдөнө. Иймээс бусад улс төрийн намууд болон бие даагчиддаа хандан шударга өрсөлдөх уриалга дэвшүүлж байна. Хэн нэгэн рүүгээ дайрч давшлахгүй, хар пиар хийхгүй байхыг уриалж байна” гэлээ.

buzznews.mn